Улсын Хүүхдийн Асрамжийн Газар

Биднийг ирэхэд баярлан хөөрөлдөж байсан жаалууд удалгүй багшийнхаа үгэнд орж хоёр эгнэн суугаад цангинасан хоолойгоор дайралцвал дайралцъяа хэмээн дуулж, шаггүй сайн дайралцдаг болохоо харуулаадхав. Үүний араас арван хоёр жилийн дууг дуулахдаа дүрдээ хувирах гэж чармайн амьтдыг дуурайн хөдлөх нь эгдүүтэй гэж. Ийн бяцхан урлагийн тоглолт үзүүлсэн хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн цэцэрлэгийн 2-3 настай өхөөрдөм багачууд сайхан сэтгэлт ах эгч нарынхаа буянаар гачигдахын зовлонгүй байдаг бололтой. Гэхдээ л харц нь, үг нь хүртэл хайр энхрийлэл нэхэх аж. Тэдний туйлын хүсэл нь хэнд ч хамаагүй тэврүүлж хайрлуулах юм байна гэдгийг хэдхэн хором саатахдаа анзаарахгүй байхын аргагүй. Бага насандаа өнчирсөн бяцхан хүүхдүүд энэ удаад өөрсдөд нь тусалж хандивын гараа сунгасан ах эгч нартаа баярласан сэтгэлээ илэрхийлж ая дуугаараа хариу барьсан юм. Харин нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, өнчирч, бэтгэрсэн үрсэд үргэлж халуун сэтгэлээр хандаж байдаг тэр буянтануудын нэг нь Саммит Компьютер Технологи компанийхан аж. Тус компани өнгөрсөн жилээс эхлэн хоёр үе шаттайгаар асрахын хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор өөрийн хөрөнгөөрөө нийт 14 орчим сая төгрөгийн камерийн хяналтын систем суурилуулж өгчээ. Цэцэрлэгийн найман цэгт камер байрлуулж 2012 оны 3-р сарын 14-нд багш удирдлагуудад нь хүлээлгэн өгсөн юм. Энэ үеэр Саммит Компьютер Технологи компанийн Техник үйлчилгээний хэлтсийн дарга : манай компани нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, халамж шаардлагатай хүмүүст үргэлж туслахыг эрмэлздэг. цаашдаа олон ажил өрнүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Энэ удаад хайрлаж хамгаалах эцэг эхээсээ хагацсан бяцхан дүү нарынхаа аюулгүй байдлыг хангахын тулд хяналтын камертай болгож өглөө. Тэдэнд эцэг эхийнх нь хайрыг орлуулан өгч чадахгүйгээс хойш ядаж хамгаалах тал дээр нь анхааръя гэсэн юм. Хүүхэд асрах төв олон байдаг ч олонхи нь гадаадын тусламж дэмжлэг авч чаддаг юм билээ. “иймээс улсын гэх тодотголтой, бас хамаагүй олон хүүхэд хүмүүждэгийг нь бодолцон хүүхэд асран хүмүүжүүлэх төвийг сонгосон гэв.

Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн захирал, ардын багш Дүгэр манай төвд 200-гаад хүүхэд хүмүүжиж байна. Хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн өвчтэй хүүхэд ч цөөнгүй бий. Хаврын улиралд өвчин нь сэдэрч, үе үе эмнэлэг бараадах хүүхэд хүртэл байдаг юм шүү. Тэдний маань аюулгүй байдлыг хангаж өгсөн Саммитынханд туйлын их баярлаж байна. Орон сууцны хороолол дунд байдаг болохоор сахилгагүй хүүхдүүд цонх хагалах нь энүүхэнд гээд янз бүрийн асуудал гардаг. Харин одоо камертай болсон болохоор тийм зүйл гарахгүй байх хэмээв.

Copyright 2010 - 2013 SUMMIT